Канадын Ричмонд хилл хотод “Хуурын эгшиг, хөөмийн уянга” тоглолт боллоо

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам Онтарио муж дахь Өргөмжит консулын газартай хамтран Монгол Улсын Морин хуурын чуулгын гоцлол хөөмийч, морин хуурч Нэргүйн Ашитын “Хуурын эгшиг, хөөмийн уянга” тоглолтыг Канад Улсын Торонтогийн их тойрог (GTA)-т багтах Ричмонд Хилл хотын Урлагийн төвд 2025 оны 10 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулав.
Дээрх тоглолтод Н.Ашит “Дөрвөн уул”, “Жонон хар морины явдал”, “Алтайн магтаал” зэрэг монгол ардын дуу хөгжим, Н.Жанцанноровын “Сэтгэлд шингэсэн говь”, “Бурхан Халдун” зэрэг монгол сонгодог хөгжмийн зохиолыг морин хуурын яруу эгшиг, хөөмийн уянгат дууг хослуулсан толилуулав. Мөн тэрээр хөөмий, морин хуурын гарал үүсэл, онцлог, дөрвөн төрлөөс гадна Алтайн ятга хэмээх хөгжмийн зэмсгийг танилцуулж, Н.Ашит, Г.Тунгалаг нар морин хуур, Алтайн ятгыг анх удаа хослон тоглож эртний хөг аялгууг үзэгчдэд хүргэсэн нь тоглолтод өвөрмөц өнгө аяс нэмлээ.

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогос тоглолтыг нээж хэлсэн үгэндээ хоёр ард түмний соёл, урлаг, түүний дотор монгол хөөмий ба инуит хөөмий нь Монгол, Канадын иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буйг онцлов. Түүнчлэн Ричмонд Хилл хотын дарга Дэвид Уэст, Монгол Улсын Өргөмжит консул Брайон Вилферт нар үг хэлсэн байна.
Хөөмий, морин хуурын тоглолтыг сонирхохоор Канадын Гадаад хэргийн яамны Онтарио муж дахь Худалдааны комиссарын газар, Ричмонд Хилл хотын захиргаа болон Худалдааны зөвлөлийн төлөөлөгчид, Торонто хот дахь Канадын бизнес, соёл, урлагийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид, мөн Торонтогийн их тойрогт амьдран сууж буй монгол иргэдийн төлөөлөл, оюутан сурагчид, Монголд элэгтэй канад иргэд хүрэлцэн иржээ.


