Г.Ганбат: Эрдэнэт үйлдвэрийнхэн авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр олон үр дүнтэй бодлого хэрэгжүүлж байна

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат тэргүүтэй тус зөвлөлийн гишүүд энэ сарын 17-18-ны өдрүүдэд Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа. Тэд эл өдрүүдэд Эрдэнэт үйлдвэрийн удирдлага болон ажилтнуудын төлөөлөлтэй уулзахын зэрэгцээ үйлдвэрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн үндсэн цехүүдээр орж, биечлэн танилцсан юм. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрт хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлуудын явц, үр дүн болон тэдгээрт өгч буй үнэлэлт, дүгнэлтийн талаар АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбаттай уулзаж, тодрууллаа.

-АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн үйл ажиллагааны гол чиг үүрэг юу вэ?

-Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Энэ зөвлөлийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. Олон нийтийн зөвлөл нь авлигын нөхцөл байдалтай танилцах, авлигын эсрэг үйл ажиллагаанд олон нийтийг төлөөлж оролцох, тэднийг татан оролцуулах, түүнчлэн авлигын нөхцөл байдлыг судалж, эрх бүхий байгууллага, албан тушаалтан буюу УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч болон бусад яам, тамгын газарт мэдээлэх, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хяналт тавих, зөвлөмж өгөх, өгсөн зөвлөмжийн мөрөөр ажиллах гэсэн гурван үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм. Харин бид энэ удаа Эрдэнэт үйлдвэрт хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагаа, стратеги төлөвлөгөө, зорилттой газар дээр нь танилцахаар ирсэн. Нөгөөтээгүүр, Эрдэнэт үйлдвэрт, АТГ-аас ирүүлсэн удаа дараагийн зөвлөмж, чиглэлийн мөрөөр тэдгээрийн хэрэгжилтийг шалгаж, танилцах зорилготой ажиллалаа.

-Эрдэнэт үйлдвэр авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажил, арга хэмжээний хэрэгжилтэд ямар үнэлэлт дүгнэлт өгч байна вэ?

-Бид хоёр өдрийн турш Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа. Эхний өдөр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал болон бусад удирдлагуудтай уулзаж, авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар сонслоо. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндоны хийсэн мэдээллийг сонсоход, тус үйлдвэрийнхэн сүүлийн жилүүдэд АТГ болон холбогдох байгууллагуудтай нээлттэй, хамтран ажиллаж байгаа юм байна. Мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөртэй уялдуулан өөрсдийн хийх ажлын төлөвлөгөөг боловсруулан, шат шатандаа үр дүнтэй хэрэгжүүлээд эхэлсэн байна. Бас авлигын эрсдэлийн түвшингээ тодорхойлж, түүнд чиглэсэн арга хэмжээ авч байгаатай нь танилцлаа. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрт үүсэж болзошгүй, магадгүй урьд өмнө үүсэж байсан авлигын эсрэг гурван чиглэлийн арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ. Үүнийг маш үр дүнтэй, оновчтой ажил болж байна гэж дүгнэлээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд анх удаа цахим үнэлгээ хийх хиймэл оюун ухаанд суурилсан технологи нэвтрүүлсэн нь хүний оролцоо, түүгээр дамжсан авлига үүсэх эрсдэлийг бууруулсан том алхам болж байна. Мөн зэс, молибдены баяжмалын гадаад худалдааны гэрээний үйл ажиллагааг авилгаас хамгаалах зорилгоор зэс, молибденыг хөрөнгийн биржээр борлуулж эхэлсэн нь маш оновчтой шийдэл болсон байна. Энэ бол маш зөв зүйтэй, авлигын эрсдэлийг бууруулах өндөр үр дүнтэй санаачилга болсныг онцлон тэмдэглэх учиртай. Дараагийн арга хэмжээ нь гэвэл, төрийн өмчит үйлдвэрийн газрын өмч хөрөнгийг авилгаас хамгаалахад анхаарсан байна. Энэ хүрээнд овоолго ашиглах талаар төр болон хувийн хэвшлийн аль алиныг нь хохироохгүйгээр хуулийн хүрээнд харилцан ашигтай хэлэлцээр хийж, ажиллаж байгааг сайшааж хэлмээр байна.

-Цаашид анхаарал хандуулах, Олон нийтийн зөвлөлийн зүгээс зөвлөх ямар асуудал байна вэ?

-Эрдэнэт үйлдвэрийнхэн хүний нөөцийн бодлогын чиглэлээр тодорхой арга хэмжээ авч буйг нь онцлох хэрэгтэй. Бид үйлдвэрийн удирдлагууд болон ажилтнуудын төлөөлөлтэй уулзахдаа манай Олон нийтийн зөвлөлийнхний санааг зовоож байсан Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын эрх ашиг хохирох, ажилд авахад ямар нэг улс төрийн ч нөлөө байгаа эсэх асуудлаар тогтож ярилцлаа. Энэ асуудалд удирдлага болон ажиллагсдын хооронд нэлээд зөрүүтэй ойлголт байгааг олж харлаа. Иймээс цаашид хүний нөөцийн бодлогын тодорхой асуудлууд дээр зөвлөмж өгч, хамтран ажиллана гэж бодож байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.