ХХЗХ-С ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨРТ ХҮҮХЭД ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР БАРИМТЛАХ ЗӨВЛӨМЖ ГАРГАЖЭЭ

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 04 тоот тогтоолын хавсралт

 

  1. Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчид нь хөтөлбөрөө бэлтгэхдээ олон нийтийг соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх чиглэлийг баримтлан үзэгч, олон нийтийн эрх ашгийг дээдэлж ажиллахыг эрхэм үүрэг, зорилгоо болгоно.

  2. Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгаар нэвтрүүлэх хөтөлбөр нь хүүхэд гэр бүлийн орчинд, эцэг эхийн хүрээлэлд үзэх боломжтой байна.

  3. Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчид нь “Хүүхдийн эрхийн тухай” хуулийн 8.1-т заасан үүргээ биелүүлэн, хүүхдийг зохисгүй контентоос хамгаалах үүднээс дараах зөвлөмжийг баримтлан хөтөлбөрөө төлөвлөх, бэлтгэх, дамжуулахыг зөвлөж байна.

  4. Телевиз, суваг бүр зөвлөмжийн дагуу өөрийн хөтөлбөрөөр гаргахгүй зохисгүй контентийн хэм хэмжээг нарийвчлан тогтоож хөтөлбөртөө мөрдөж, редакцдаа хянадаг тогтолцоог бүрдүүлсэн байх шаардлагатай ба өөрийн дамжуулж буй хөтөлбөрийг бүрэн хариуцна.

  5. Өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт хүүхдийн эрүүл мэнд, ёс суртахуун, хөгжил, хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлөх, хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах, хүүхэд өөрийгөө хохироох, гэм хор учруулж болзошгүй зохисгүй контентод дараах агуулгыг ойлгоно. Үүнд:

  • Хүчирхийлэл, дарамт, аймшиг, түрэмгийлэл, харгис хэрцгий, хүнийн ёсноос гажууд үйлдэл бүхий дүрс бичлэг, ийм төрлийн үйлдлийг өөгшүүлсэн, магтан дуулсан, өмөөрсөн, сурталчилсан, үйлдэх аргыг дэлгэрэнгүй үзүүлсэн;

  • Хүн, амьтан тамлан зовоосон, хүч хэрэглэсэн, харгислалыг дэлгэрэнгүй үзүүлсэн, сурталчилсан;

  • Арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйс, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхсан, дээрэлхсэн байдлыг харуулсан;

  • Гэмт хэрэг үйлдэгдсэн аргыг нарийвчлан харуулсан, гэмт этгээдийн талаар үлгэрлэн дууриах, шүтэх өнгө аяс, утга агуулгыг бий болгосон;

  • Золгүй явдал, осол, гамшиг, гэмт хэргийн улмаас хохирогсдын цогцос, бие мах бодийн гэмтлийг нарийвчлан харуулсан, амиа егүүтгэх тохиолдлыг харуулах, дүрс, нөхцөл байдлыг нь нарийвчлан харуулсан;

  • Бэлгийн харилцаа, хүний биеийг бүхэлд нь, бүсэлхийнээс доош биеийг нүцгэн байдлаар ил харуулсан;

  • Хүүхдийг эротик, садар самуун явдлаар, бэлгийн харьцаанд орж байгаа байдал байрлал төрхөөр илэрхийлсэн, татан оролцуулсан, бие үнэлэх үйл ажиллагаанд татан оролцуулсан, уриалсан, сурталчилсан, үйлдэх аргыг дэлгэрэнгүй үзүүлсэн;

  • Эротик, садар самуун дүрс бичлэг, кино, жүжиг, бүжиг, тайчих урлаг, поүл-бүжиг, үзүүлэх тоглолт, уралдаан, тэмцээн, реалити-шоу болон бусад үзвэр;

  • Бэлгийн чиг хандлага, ижил хүйсийн харилцааг сурталчлан, үлгэрлэн дууриах, шүтэх өнгө аяс, утга агуулгыг бий болгосон;

  • Архины донтолт, архи, шар айраг хэрэглэх, тамхи татахыг зааж сургасан, өөгшүүлсэн, үзүүлсэн;

  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын талаар сурталчилсан өнгө аяс бүхий дүрс бичлэг, эдгээрийг хэрэглэх аргыг нарийвчлан харуулсан;

  • Шашны гаж, харгис номлол, сургаал, урсгалыг сурталчилсан, тайлбарласан, дэлгэрүүлсэн, магтан дуулсан, шүтэх өнгө аяс утга агуулсан, шашны нэвтрүүлэгт хүүхдийг татан оролцуулсан, 18-аас доош насны хүүхдэд чиглэсэн;

  • Зохисгүй, бүдүүлэг үг хэллэг, хэл яриа ашигласан дуу, дүрс бичлэг;

  • Аз сорьсон, амь дүйсэн, эрсдэлтэй үйлдэл, үйл ажиллагаа, уралдаан тэмцээн хонжворт тоглоом зэргийг тусгай анхааруулгагүй гаргасан, эдгээр үйлдэл, тэмцээн, хонжворт тоглоомд хүүхдийг татан оролцуулсан, уриалсан;

  • Гуйлга гуйх, тэнүүчлэх, гэр бүлийн орчиноос оргох, зайлах сэдлийг төрүүлсэн, татан оролцуулсан, уриалсан, сурталчилсан, үйлдэх аргыг дэлгэрэнгүй үзүүлсэн;

  • Гэр бүлийн үнэт зүйлийг гутаан доромжилсон, эцэг эх, гэр бүлийн гишүүд, ахмад хүмүүсийг үл хүндэтгэсэн байдал харуулсан.

 

Өргөн нэвтрүүлгийн телевиз, суваг нь өөрийн хөтөлбөрөөр бусад студи продакшны бүтээл, уран сайхны нэвтрүүлэг, жүжиг, кино дамжуулах тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжид заасан хориотой болон зөвлөмжинд тусгасан зохисгүй контент бүхий зураг, дуу, авиа, дүрс бичлэг болон бүдүүлэг үг хэллэгтэй хэсгийг хасах, дууг хаах, дуут сигналаар орлуулах, дүрсийг бүдгэрүүлэх зэрэг арга хэмжээ авч дамжуулахыг зөвлөж байна.

 

Эх сурвалж:  ХХЗХ-ы цахим хуудаснаас

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.