“Милан кортина-2026” өвлийн Олимпийн наадам эхлэхэд 32 хоног үлдлээ

Өвлийн Олимпийн XXV наадам ирэх 2 дугаар сарын 6-наас 22-ны өдрүүдэд Итали улсын Милан болон Кортина-д’Ампеццо хотуудад зохион байгуулагдана.
Монгол Улс анх “Инсбрук 1964” өвлийн олимпийн наадамд оролцсоноос хойш өнөөдрийг хүртэл нийт 15 удаагийн өвлийн олимпийн наадамд гүйлтийн цана, биатлон, шорт трек, гүйлтийн тэшүүрийн төрлөөр тамирчдаа оролцуулж ирсэн түүхтэй.
“Милан Кортина 2026” өвлийн Олимпийн наадамд дэлхийн 90 гаруй орны 3,500 орчим тамирчид спортын 16 төрөлд, 116 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.
Монгол Улсаас “Милан Кортина 2026” өвлийн Олимпийн наадамд гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг, уулын цанын төрөлд А.Ариунбат нар оролцох болзлоо хангаад байна. Өвлийн Олимпийн наадамд оролцох тамирчдын эцсийн баталгаажуулалт 2026 оны 1 дүгээр сарын 18-нд хийгдэнэ.
Монгол Улсаа төлөөлөн өвлийн Олимпийн наадамд оролцох болзлоо хангаад буй тамирчдадаа амжилт хүсье.


