Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Ихэнх нутгаар 2026 оны гуравдугаар сарын 6-наас 11-нд дулаарна гэж цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи ширүүсч, шороон болон цасан шуурга шуурч болзошгүй байна.
2026 оны гуравдугаар сарын 7-ноос гуравдугаар сарыгн 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Гуравдугаар сарын 9-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 10-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -13…-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -7…-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -16…-21 градус, өдөртөө +2…-3 градус хүйтэн байна. Хугацааны сүүлээр өдөртөө нийт нутгаар дулаарна.
Мөн гуравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 65 хувь нь цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан нь 7.5 см, цасан дахь усны нөөц 14.2 шоо.км байна. Жишээлбэл, Ерөө, Халх, Хараа, Хэрлэн, Улз гол-Хөх нуур, Мэнэнгийн тал, Булган, Онон, Шишхэд, Туул, Сэлэнгэ мөрөн, Хөвсгөл нуур-Эг гол, Идэр, Увс нуур-Тэс голын сав газруудын 90-99 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.59 шоо.км бол Үенч-Бодонч, Орхон, Дэлгэрмөрөн, Хяргас нуур-Завхан, Хануй, Чулуут, Умард говь, Хар нуур-Ховд гол, Хүйсийн говь-Цэцэг нуур, Таац, Бөөнцагаан-Байдраг зэрэг голуудын савын 45-80 хувь орчим нь цастай, цасан дахь усны нөөц нь дунджаар 0.51 шоо.км байна.
Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон дээр дурьдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.


