КОП17-ын Ногоон бүсийн үндсэн тайзнаа “Монгол сонгодог” Дуурь бүжгийн эрдмийн театрын тоглолт болно

Өнөөдөр орой 18:00 цагаас КОП17-ын Ногоон бүсийн үндсэн тайз болох “Zuchi stage” дээр “Монгол сонгодог” Дуурь бүжгийн эрдмийн театрын тоглолт Бизнесийн өдөр нэр дор тоглогдоно. Ногоон бүс иргэд, олон нийтэд нээлттэй, та бүгдийг УРЬЖ байна.
Монголын уран бүтээлчдийн өндөр ур чадвар, мэргэжлийн түвшнийг илэрхийлэх дэлхийн сонгодог хөгжмийн сор бүтээлүүдийн зэрэгцээ Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийг толилуулна. Ингэснээр Монголын үндэсний сонгодог урлаг, хөгжмийн өв, уран бүтээлчдийн авьяас чадварыг дэлхийн олон орны төлөөлөгчдөд сурталчлан таниулах зорилготой.
Тоглолт нь урлагийн хэлээр дамжуулан байгаль орчноо хамгаалах, эх дэлхийгээ хайрлан хамгаалах үзэл санааг түгээн дэлгэрүүлж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зорилго, үзэл санааг уран бүтээлээр илэрхийлэх арга хэмжээ байх юм.


