Ш.Алтантуяагийн аллагын сэжигтэн Багиндаг Малайзын их сургуулийн багш, оюутнууд эсэргүүцэн, цуцлуулжээ

Малайзын Олон улсын Исламын их сургуулийн (IIUM) харьяа Олон улсын Исламын сэтгэлгээ ба соёлын хүрээлэн (ISTAC) нь Абдул Разак Багиндаг урьж, “Азийн баатрууд ба дайснууд: Манлайллын судалгаа” сэдвээр нийтийн лекц уншуулахаар төлөвлөж, зарлажээ.
Гэвч тус сургуулийн Багш нарын холбоо (ASA) болон оюутнууд үүнийг маш хүчтэй эсэргүүцэн, “Манлайлал, хариуцлагын тухай лекц унших хүн нь Ш.Алтантуяагийн амь насыг хохироосон хэрэгт нэр холбогдож, шүүхээс иргэний хариуцлага хүлээх ёстой (хохирол төлөх) гэж заасан хүн байх нь ёс зүйд нийцэхгүй” гэж үзжээ.
Мөн Исламын нэртэй нэр хүндтэй сургууль ийм хүнийг индэртээ урьж байгаа нь сургуулийн нэр хүндийг унагаж байна хэмээн Эрдмийн зөвлөл болон удирдлагууддаа шаардлага хүргүүлсэн байна.
Тиймээс олон нийтийн болон багш, ажилчдын зүгээс ирсэн хүчтэй шүүмжлэл, шахалтаас шалтгаалан Малайзын Олон улсын Исламын их сургууль (IIUM) Абдул Разак Багиндагийн лекцийг албан ёсоор цуцалжээ.


