МЗСХ-ы 2018 ОНЫ СПИННИНГИЙН УАШТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2018 он гараад МЗСХ /Монголын Загасчлалын Спортын Холбоо/ болон түүний гишүүдээс өвлийн загасчлалын төрлөөр цөөнгүй тэмцээнийг амжилттай зохион байгуулсан билээ. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд Архангай аймгийн Өгийнуур суманд МЗСХ 2018 оны Эрэг дээрээс хиймэл өгөөшөөр махчин загас барих (спиннинг) УАШТ зохион байгуулагдлаа. УАШТ-ий зохион байгуулалтыг загасчлалын спортын "Хангай" клуб дангаараа хариуцан амжилттай зохион байгуулав.
Энэ зун бороо хур урьд жилүүдийнхээс элбэг байсны улмаас голууд үертэй байв. Үүнээс шалтгаалан тэмцээнийг нуурын эрэг дээрээс хийхээр тогтож Өгий нуурыг сонгон авсан билээ. Тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн хугацаа 6-р сарын 23, 24-ний өдөр байсан боловч Өгийнуур сумын нутагт малын гоц халдварт өвчин гарч хорио цээр тогтоосон учир хугацааг хойшлуулан 8-р сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулсан.
Энэ жилийн УАШТ-д оролцохоор 4 үндсэн тамирчин, 1 сэлгээнээс бүрдэх 19 баг бүртгүүлсэн байна. Багуудыг дурьдвал Хангай-1, Хангай-2, Про-40, Номадс фишинг, Андууд, Чемпионс, Улаанбаатар, Хөх тул, Хангарьд-1, Хангарьд-2, Чоно-1, Чоно-2, Найзууд, Ханару, Фишинг бордерс, Лидерс, Англер, Жараахай, Хадран эдгээр болно.
Тэмцээний ерөнхий шүүгчээр У.Баатар, шүүгчдээр "Хаварж" клубынхэн ажиллалаа. Тэмцээнд Чех, Словак улсуудын флайн загасчлалын тэмцээнд хэрэглэгддэг тамирчин тамирчнаа хянах системийг хэрэглэв. Энэ систем нь бага зардалтайгаас гадна харьцангуй шударга, бие биенээсээ суралцах давуу талтай систем юм. Ганц дутагдалтай тал нь тэмцээний үргэлжлэх хугацаа 2 дахин уртасдаг.
Тэмцээнийг 2 үеэр зохион байгуулсан ба үе тус бүр нь 45 минутаар үргэлжлэх 3 дэд үеэс бүрдэж байв. Баг тус бүрээс оролцож байгаа 4 тамирчныг А, B, C, D гэсэн 4 секторт хуваан харгалзуулсан. Ингэхдээ багийн ахлагч нарын хурал дээр сугалаа зохион байгуулж хуваариллаа. 2-р үеийн сугалааг 1-р үеийн дараах багийн ахлагч нарын хурал дээр зохион байгуулав.
Энэ удаагийн УАШТ-д багууд маш сайн бэлдсэн нь илт анзаарагдаж байлаа. Тамирчдын уурга, хэрэгсэл сайн, загасчлах ур чадвар урьд урьдынхаас өндөр түвшинд хүрсэн байв. Загасны идэвхи секторууд дээр харилцан адилгүй байсан ч бүх үеийн бүх секторууд дээр өрсөлдөөн үнэхээр ширүүн явагдсаныг дурьдах хэрэгтэй.
Энэ өдрүүдэд цаг агаар таатай, Өгий нуур маань ч тогтуун сайхан байлаа.
Тэмцээнийг сектор тус бүрээр тамирчдын чансааг гаргаж нэгтгэх зарчмаар дүгнэсэн.
Энэ удаагийн тэмцээний том загасны номинацийн эзнээр "Хангай" клубын тамирчин Ц.Ганбат 66 см цурхай загас барьж шалгарав.
Нийт оролцогчдыг хувийн чансаагаар байр эзлүүлэхэд:
1-р байранд "Улаанбаатар" клубын Д.Цэндсүрэн
2-р байранд "Хангай" клубын Д.Дашдэндэв
3-р байранд "Хангай" клубын Б.Тайван нар шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон байна.
Эхний 10 байранд орсон тамирчдыг үргэлжлүүлэн дурьдвал 4-р байранд Б.Ихбаяр, 5-р байранд С.Өлзий, 6-р байранд Б.Балхүү, 7-р байранд Г.Билгүүн, 8-р байранд Б.Оюунболд, 9-р байранд М.Энхтүвшин, 10-р байранд Н.Үүрийнцолмон нар болно (Эдгээр дүнг дахин нягталсан болно). Эдгээр тамирчид спортын цол, зэргийн оноо авах юм.
Багийн нийлбэр дүнгээр:
Ж.Мөнхтөр ахлагчтай "Найзууд" клубын баг 1-р байр
"Улаанбаатар" клубын баг 2-р байр
"Хангай" клубын "Хангай-1" баг 3-р байранд тус тус орлоо.
Тэмцээнд амжилттай оролцож ширүүн өрсөлдөөн үзүүлсэн нийт оролцогчиддоо баярлалаа. Та бүхнийхээ дараа дараагийн тэмцээнүүдэд өндөр амжилт хүсье!
Тэмцээнийг дэмжиж оролцсон Архангай аймгийн Өгийнуур сумын ЗДТГ-ын хамт олонд МЗСХ-ны өмнөөс талархал илэрхийлье! Тэмцээний ивээн тэтгэгчээр оролцсон загасчлалын хэрэгслийн "Рапала", "Замд гаръя", "Флай англер", "Биг фиш" дэлгүүрүүдийн хамт олонд мөн баярлаж талархсанаа илэрхийлье!
Эх сурвалж : МЗСХ цахим хуудсаас.