Аялагч Б.Ижилмөрөнгийн Саха-Якутск аялсан тэмдэглэл
Саха-Якутск-Yakutia –Якут – "Чукча"
Нэгдүгээр хэсэг
Эрхэм та цаг гаргаад нэг уншчихаарай, харин хэрэгтэй мэдээлэл гэж үзвэл лайк айн! Бидний монголчууд заавал нэг очиж үзмээр газар юм билээ. Газар зүйн байрлалыг энгийнээр тайлбарлавал УБ-аас баруун зүгт Баян-Өлгий байдаг бол УБ-аас зүүн хойд зүгт Баян-Өлгийгөөс хоёр дахин хол газар /3400 км/ Солонгос, Япон, Владивостокоос хойд зүгт, Агнуурын тэнгисийн баруун биеэр, ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгийг хамарсан Монгол орноос хоёр дахин том газар нутагтай. Газар нутгийнхаа хэмжээгээр ОХУ-д 1-рт бичигдэнэ. Нэг сая хүн амтай бөгөөд эх нутгийн уугуул эвэнх ястан 3%, якут /саха/ ястан 50%, үлдсэн 47%-ийг орос үндэстэн эзэлнэ. Якут руу агаараар болон газраар очих боломжтой. Улаан-Үүдээс 3 цаг нисч нийслэл Якутскт очно. Эсвэл газраар 3 өдөр, 2 шөнийн турш Улаан-Үүд – Чита – Нерангри – Якутск чиглэлээр М55 – М58 – М56 замуудаар 3500 орчим км аялж очно.
Аялахад тохиромжтой цаг хугацаа:
6-р сар
Зуны дэлгэр цаг. Нарны баяр, наадмаа хийнэ. 20-оод хоног харанхуй эс болон цагаан шөнө үргэлжилнэ.
12,1-р сар
Тэсгим хүйтэн өвөл. Нар өдөрт дунджаар 3-5 цаг мандаж, агаарын хэм -35-с -50 хүртэл цельсийн градус хүйтэн. Тэсгим өвлийн жаврыг мэдэрье гэвэл сонирхолтой. Энэ үеэр нутгийн зарим хэсэгт туйлын туяа хэмээх агаарт солонгорон гэрэлтэж харагдах байгалийн сонин үзэгдлийг харж болно. Мэдээж алс хол Норвеги, Канад, Финландын хойд хэсгээр туйлын туяаг харж болно.
Жич: Яг жинхэнэ өвлийн өвөө цас мөсний орноосоо гарч ирэн цаа бугаа хөлөглөн энэ нутгаас гаран олон орноор аялж эхлэх мөч
3-р сар
Урин цагийн аяс. Энэ сардаа якутууд өөрсдөө дуртай. Хахир хүйтэн биш ч цас мөсөөр хучигдсан өвөл цаг. Өдөртөө -15 хэм орчим. Өвөл цагийг өнтэй давсан, урин цагийг хүлээсэн улс энэ үед аялж зугаалах нь элбэгшиж, нийтийг хамарсан ан авд морддог. Алт, үнэт эдлэл, үнэт чулуун эдлэлүүд нь энэ үед хамгийн ихээр хямдардаг.
Ер нь бид аялах болон худалдаа наймаа хийх гэсэн хоёр үндсэн зорилгоор Якут орныг зорих болов уу. Миний хувьд монголчууд бидэнд хамгийн дөтөөр Хойд туйлд хамгийн ойрхон дөхөж очих соёл иргэншил бүхий газар орон, улмаар бидэнтэй угсаа гарвал нэг байж ч болох өвөрмөц ард түмнийг зорин очих нь улам сонирхолтой байлаа. Зориод очиход холын садан төрлөө олсон мэт зүс царай төстэй хүн зон халуун дотноор угтан авч, хүндлэн дээдлэх нь бахархам. Ер нь бол монголчуудад хүндэтгэлтэй, элгэмсүү хандана. Дашрамд дурьдахад бид л энд олноороо, өдөр тутмын амьдралдаа түүртэн, өөрийгөө болон бусдыг дутуу үнэлдгээс биш дэлхий ертөнцөд бидний заяа төөргийг биширсэн, хүндэлсэн, дээдэлсэн улс, ард түмэн цөөнгүй байдаг. Тиймээс бид энэ “монгол хүн” хэмээсэн эрхэм алдрыг хайрлаж, хүндлэх ёстой санагддаг л юм.
За одоо яг яаж аялснаа бичнэ ээ.
Уг нь машинаар явах байсан юм. 4 машин бүхий 18 залуус бэлтгэж байлаа. Цаг агаарын байдлаас болоод машинаар явахаа хойшлуулсан, учир нь Якутскийн яг урдуур урсах Лена мөрөнг бирваазаар гатлах ёстой, гол хөлдөж эхэлсэн тул бирвааз зогсох магадлалтай. За ингээд галав юүлсэн ч хамаагүй явъя гэсэн гурван аялагч нийлэн нисэхээр боллоо. Билет хоёр талдаа 1 сая төгрөг. 7 хоноод эргээд нисэх хуваарьтай билет авлаа. Очлоо, буулаа. 7 хоног арай л уртадчихвуу даа гэж бодоод явсан юм уг нь. Гэтэл буцах болсон чинь арилжаа, наймааны ажил амждаггүй ээ. Ахиад ганц хоёр хоносон бол яг сайхан амжих байж гэж ч бодох шиг.
Эхэндээ төлөвлөгөө гаргаад сити турээ эхэллээ. Хот дотроо гэхэд л үзэж харах юм ихтэй юм аа. Үндэсний музей, мөсөн ертөнцийн музей, за тэгээд Якутын эрдэнэсийн музей бол супер. Ер нь л шоконд орлоо шүү. Дахиад очвол дахиад үзнэ ээ. Дэлхийд ганц, дахин давтагдашгүй үнэт эрдэнэс. Алмаз гэж дэлхий дээр хамгийн үнэтэй нь гэж л боддог байсан юм. Гэтэл түүний дээр бадмаараг, индраанил бил үү маргад бил үү хоёр чулуу байдаг юм байна. Гуравдугаарт нь алмаз ордог гэнэ. Алмаз гал гаргах мэт гайхамшигт гэрлээр цацардаг нь хүний сонирхлыг илүү татдаг байх нь. Үнэт чулууг ер нь тунгалаг, хагас тунгалаг, тунгалаг биш гэж гурав ангилна. Яг байгалиас олдсоныг нь алмаз, түүнийгээ боловсруулсны дараа бриллиант гэдэг юм гэнэ ээ.
За хө, би чинь дээр юу ярьж байлаа. Энэ үнэт эрдэнэс гэж аргагүй л хүнийг ховсдох юм аа.
Бид эхлээд буудалд, дараа нь орон сууц хөлслөн байрлав. Байр хөлслөх нь тэндээ их нийтлэг, түгээмэл юм байна. Үнэ нь ч арай хямд. Тэгээд чөлөөтэй. Ер нь бол буудал, байр, хоол, барааны үнэ манайхтай ойролцоо юм уу даа. Байр хөлсөлдгийн гол зорилго нь идэж үзээгүй олон загасыг захаас авч өөрийн гараар боловсруулан, хоол хийж амталж үзэх.
Хүнсний захын лангуун дээр нь цааны, хандгайны мах байж л байна. Харин хонь, ямааны мах байхгүй. Үхрийг бол бараг тээвэрлэж авчирдаг гэсэн байх шүү
Үргэлжлэл бий…
Эх сурвалж: Аялагч Б.Ижилмөрөнгийн цахим хуудсаас