Б.ИЖИЛМӨРӨН ЯКУТЫН 2 ДАХЬ АЯЛЛЫН ДУРСАМЖААС
Миний хувьд хоёр дахь удаагийн аялал. 2017 оны 10-р сарын 03-10-нд. Хүмүүсийг “уруу татлаа”, сонирхлоо, аяллаа. Энэ удаагийн баг 3 эрэгтэй, 6 эмэгтэйгээс бүрдсэн, сонирхсон, зорьсон, амарсан, бас зорилгогүй гэх мэт тус тусын хэрэг явдалтай хүмүүс. Бас ч үгүй олуулаа явж байгаа тул аяллын баг нэг даргатай, нэг туслахтай, мөн дүрэмтэй байж таарна. Дүрэм нь их товчхон.
1-рт аяллын ахлагчийн шйидвэр ямагт зөв, түүнийг дагана.
2-рт хэрэв чиний зөв юм шиг санагдвал нэгдүгээр дүрмээ сана. Ингээд л боллоо. joke, айн.
Бид буудал гэхээс илүүтэй hostel/квартир сонгож авлаа. Наанадаж үнэ хямд, хоол ундаа өөрсдөө хийчихнэ. Гэртээ байгаа юм шиг. Өдрийн жижүүр болон хоолны хуваарь гаргалаа. Эхэндээ жин тан. Харин явах дөхсөн манай “наймаачдын” ажил амждаггүй гарч гүйцгээгээд дэлгүүр хоршоо хаасны дараа гэртээ ирэх маягтай. Нөгөө 3 эрэгтэйгээ ер нь л мацаг бариулах шинжтэй.
Орой бүр ширээгээ тойрон сууж, шинэ шинэ төрлийн загас зооглоно. Тэгээд өдрийн үзэж сонирхсон музей, хэссэн дэлгүүрээ ярьж, худалдаж авсан бараан дээрээ дүн шинжилгээ хийцгээн, загвар хийц, чанар эдэлгээг бараг л эсийн түвшинд нягтлан шинжилнэ. Хажуугаар нь Якутын онцлог "сонин сэтгүүл" эргүүлж, "уншиж, амталж, судлан" :)нэгэндээ сонирхуулсаар нэлээд аажуу амарцгаана. Хүүхнүүд нь эхлүүлээд хаячихна. Нөгөөхийг нь эрчүүд "уншиж" дуусгах гэж хэрдээ "чармайна" Зарим нэг нь шөнөжингөө унтахгүй "уншлаа" гэсээр өглөө нь нойрмоглон явж ч байх шиг.
Сонин сэтгүүл гэснээс Якутад нөгөө архи дарсны асуудал ер нь хямгатай юм билээ. Дэлгүүр бүрт архи худалдаад байхгүй. Цөөхөн газарт 14-20 цагийн хооронд худалдана. Гудамж талбайд нь согтуу хүн байхгүй. Зарим нэг “судлаачдын” хэлж байгаагаар бар цэнгээний газартаа ч уусан, согтсон улс харагдахгүй, их журамтай. Бодтол манайд л сайхан “задгай”, “эрх чөлөөтэй” юм шиг ээ.
Биднийг нутгийн нэртэй анчин Александр Тастыгин эдлэндээ урьж, баавгай үзүүлэв. Лена мөрнийг усан таксигаар гатлан очив. Эргээд хотынхоо гэрт урив, төрөл бүрийн ангийн махаар хийсэн хоолоор дайлав. Монгол ан сонирхогчдыг нутагтаа ирэхийг урив. Бас загасчдыг. Би ч мөн Монголдоо урилаа. Говь нутгаараа аялуулахаар болж, монгол анчин, ан ав сонирхогчидтой уулзуулах нэг оройн хөтөлбөрийг ч ярьж тогтов. Энэ удаа авто ертөнцийн найз маань аяллаар явж байсан тул түүнтэй уулзаж чадсангүй. Гэхдээ бидний зорилго тодорхой. Нэг л өдөр хоёр биенийхээ нутагт харилцан зочилж, давхилдана.
Бидний аяллын хөтөлбөр энгийн байлаа. Эхний 4 өдөр “заавал” гэсэн хөтөлбөртэй, харин сүүлийн 3 өдөр чөлөөтэй, хүн бүр хүссэн зүйлээ хийж амжуулна, бие биедээ төвөг удахгүй. Мэдээж бид эрдэнэсийн музей, түүхийн музей, мөсөн музей, Лена мөрөн, төв талбай гээд нутгийн түүх соёлыг илтгэсэн бүхнээр зочилсон.
Аялал жуулчлалын ажил эрхэлдэг, энд тэнд тэнэсээр “дөжирчихсөн” хүний хувьд сонирхолгүй зүйл ч надад сонин байдаг болохоор өөртэйгээ бусдыг харьцуулж болохгүй. Тийм учраас миний хувьд олон хүнийг уруу татсан, очоод таалагдах болов уу гэдэг дээр санаа зовж л явлаа. Тэгтэл харин манай багийнхан өдөр тутамдаа баяр цэнгэлтэй байж, миний санааг амраав. Үнэт эдлэл, үслэг эдлэл дээр эмэгтэйчүүд маань лут шинжээчид байж таарна, тэдэнд таалагдсан. Загвар сайн байна, чанар сайн байна, үнэ боломжийн байна гэсэн.
Мартсанаас, ам хуурайгүй явдаг улс чинь үнэт эдлэлийн дэлгүүрт орохоороо нам гүм, тус тусдаа, биенээ тандаастай, бодлогошронгуй, дотроо цээж тоо бодоостой, зураг аваастай, хааяа нэг санаа алдалттай, энэ ямархуу байна гэж сэмхэн нэг нэгнээсээ асуугаастай, нэг тийм сонин байдалтай болчихдог юм байна лээ. Очир эрдэнийн ховс мовсонд ордог юм уу бүү мэд, kk
Тийм дэлгүүрээс гарч явах гэж харин нэлээд юм болно. Ар гэрээсээ картандаа төсвийн зузаатгал хийгээгүй хүн бараг байхгүй байх аа. Дээд тал нь гурван ч удаа авсан уу даа.
Москвагийн “Шар хад”-нд хэвтээд гэдэг марзан яриа байдаг шиг Якутск хотын ойролцоох Чочур Муран хэмээх “Чингисийн хүрээ”-нд очлоо. Эзэн нь гээд алсуураа буриад гаралтай, якут хүн биднийг элгэмсэн угтаж, бүр дайлав. Герман Арбугаев эдлэнгээ танилцуулж, бүр ямаа саадаг "эротик гэмээр" төхөөрөмжөө ч үзүүлэв. Санаагаар байхгүй байгаа хүнийг номонд нь оруулчихмаар хавхлаг бүхий дөнгө. Элдэв марзан бодол толгойд эргэлдээд нөгөө хэддээ хэлтэл хөхрөлдөөд л байна лээ. Солиотой золигнууд шд, тэд нар, юу л төсөөлөн бодоо бол доо
Эдлэндээ нисдэг тэрэг сойчихсон “том гар” аа тэр эзэн. Их энгийн хүн гэхдээ. Хашаа хороогоо янзлаад л гүйгээд байна. Буриад хүмүүс ер нь ажилсаг байх юм аа. Хотынхоо “Зайсан толгой”-г бас эдлэндээ оруулчихсан байгаа юм. Аж ахуйд нь -50oC хэмд тэсвэртэй алаг тарлан бух, япон тогоруу, ямаа, үхэр, өөр юу юу ч байв даа. Үхэр гэснээс үнээнийх нь дэлэн үс ноостой, эвгүй харагдана гэж юүкхэв, кк.
Цуглуулах л хоббитой хүн юм байна.
За ингэсгээд дуусгая даа. Энэ өвөл дахиад явчихмаар хорхой хүрэв. Харин наана нь эвгүй оцойлттой зогсоогоод байгаа тэр нэг хэсгээ сайхан “янзлуулаадхий” Тэр талаар дараа нэг “зөвлөмж” хүргэнэ ээ. Энэ асуудлаар муухан мэргэжилтнээс илүү мэдлэгтэй болчихсон байгаа шүү. Та бүхэн санаа авч, биеэ бодоорой.
Зураг гоё авдаг, намайг “хариуцаж” халамжилж явсан, тас тас хөхөрдөг, аагтай цайгаар дайлдаг, зохион байгуулдаг, аяга таваг угаадаг гээд аяллын багийнхандаа бүгдэд нь машид талархлаа.
За бидний Якутад хийсэн аялал таалагдсан уу?
Саха “судлаач” Ижилээ
2017.10.15
Дашрамд дуулгахад Ижилээ маань 2018 оны 01 сарын 24-с 02 сарын 02 хооронд дахин Якутын өвлийн аялалд явах бөгөөд сонирхсон хүн бүрийг аялалдаа урьж байна. Тэсгим өвлийн жаврыг мэдрэнгээ үнэт эдлэл, үслэг эдлэлийн худалдаа хийх нэгэн боломжийг танд зориулж байна. Та энэ аялалд явсандаа огтхон ч харамсахгүй байх болно.