Дав.Цогтбаатарын хүслийг “гүйцээж” Г.Дөлгөөн, Я.Сод-Эрдэнэ нарын хэргийг дуусгаач

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг эгүүлэн татах “болзол” хангагдчихаад байгаа ч мань хүн үлдэхийн тулд боломжит бүх аргийг сүвэгчилж байх шиг байна. Ямар сайндаа л өөрийнхөө ялыг хойшлуулж өгөх хүсэлт гаргаж, ичмээр аядсан юм уу түүнийгээ буцаан татаж байх вэ дээ.
Дав.Цогтбаатар өөрийгөө гэм буруугүй л гэдэг хүн. Тиймээс ч “Би өмнө нь ч, одоо ч Үндсэн хууль зөрчөөгүй, гэм буруугүй” гэдэг. Бүр гурван шатны шүүхийн шийдвэр гарчхаад байхад шүү дээ.
Тэгвэл мань Дав.Цогтбаатар яагаад ийн өөрийгөө гэм буруугүй хэмээн зүтгээд байгаагийн цаад учрыг түүний ах Д.Мөнх-Эрдэнэ тайлбарлаад өгөв бололтой.
Д.Мөнх-Эрдэнэ “Цогтбаатар зүгээр л мэргэжилтэн байсан. Яг дээр нь МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатарын ах Янгүгийн Сод-Эрдэнэ захирал байсан. МАН-ын Ганбямбын Дөлгөөн дээд талынх нь захирал байсан.” гэж мэдэгдэв.
Үнэхээр ч тэд газар, хэлтсийн дарга цэрэг болж явсан үе Хөгжлийн банканд бий. Тэр байтугай хамд Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон ч Я.Сод-Эрдэнэ, Г.Дөлгөөн нарын хэргийг тусгаарлаад бусад хүмүүсийг шалгаж, шүүхийн шийдвэр гарсан.
Тэгэхээр ёстой л Д.Мөнх-Эрдэнэ хэлж байгаа болохоос биш Я.Сод-Эрдэнэ Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирал, Г.Дөлгөөн Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан нь үнэн.
Мөн Хөгжлийн банкны хэрэгт Я.Сод-Эрдэнэ “Бэрэн групп”, “Инжир”, “Баруун баян транс” компаниудын зээлтэй, Г.Дөлгөөнийг “Пирамид орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн”, “Инжир”, Ганхүдэр орд”, “Болор шүр”, “Газ импорт”, “Бэрэн”, “Баруун баян транс” зэрэг компаниудын зээлтэй, Д.Ринчиндоржийг “Газ импорт”, “Ганхүдэр орд”, “Инжир”, “Пирамид орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн” компаниудын зээлтэй холбогдуулж тус бүр Эрүүгийн хуулийн 22.1.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж , яллагдагчаар татагдсан.
Хачирхалтай нь Г.Дөлгөөн “Д.Цогтбаатар надтай хамтарч ажиллаагүй мөн хамт шалгагдаагүй. Намайг 2018 оны нэгдүгээр сард ажлаа хүлээлгэн өгсний дараагаас хэлтсийн захирлаар ажиллаж эхэлсэн юм билээ. Түүнээс өмнө миний удирдлага, харьяанд бол одоогийн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар гэдэг хүн огт ажиллаж байгаагүй. Тухайн хүний холбогдсон хэрэг нь миний ажиллаж байсан хугацаанд хамаарах, холбоотой асуудал огт биш” гэх тайлбарыг тухайн үед өгч байв.
Гэхдээ тэдний намтрыг сөхвөл Я.Сод-Эрдэнэ 2016-2021 он хүртэл, Г.Дөлгөөн 2016-2018 онд, Дав. Цогтбаатар 2016-2020 онд тус тус Хөгжлийн банканд ажилласан гэдэг.
Тэгэхээр хамт ажилласан, хамт хэрэгт шалгагдсан ч Я.Сод-Эрдэнэ, Г.Дөлгөөн нарын хэрэг тусгаарлагдсан нэртэйгээр гэм зэмгүй үлдсэн нь Дав.Цогтбаатарын хувьд барьцах шалтгаан болчихсон бололтой.
Эх сурвалж: Erennews.mn