Засгийн газрын авто баазыг татан буулга

Засгийн газрын авто баазыг татан буулга
Засгийн газрын авто бааз иргэд, аж ахуйн нэгжид автомашин түрээсийн үйлчилгээ үзүүлэх тухайгаа цахим орчинд сурталчлан байршуулсан нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлж байна.
Хэдийгээр тус байгууллага 2022 онд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу Засгийн газрын авто бааз, улсын төсөвт үйлдвэрийн газрыг өөрчлөн зохион байгуулах, бүтэц зохион байгуулалтад оруулсан болов ч нэр нь бусдын бизнесийг булаах хувилбар болчхоод байна.
Тухай үед Засгийн газрын ХЭГ-аас “Засгийн газрын авто бааз, төсөвт үйлдвэрийн газар нь 164 авто тээврийн хэрэгсэл, 210 орчим ажилтан албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байсан. Жилд улсын төсвөөс 3-3.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авч байсныг 100 авто машинтай, 105 ажилтан албан хаагчтай, аж ахуйн тооцоот газар болгож, төсвөөс санхүүждэггүй байгууллага болгон өөрчиллөө. Тус авто бааз нь Улаанбаатар хотод авто машины дуудлагын үйлчилгээ үзүүлнэ. Орон нутагт Засгийн газрын томилолтын үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажиллана” гэж мэдэгдэж байв.
Өөрөөр хэлбэл тус авто бааз төрөөс санхүүжихгүй мэт харагдаж байгаа ч татвар төлөгчдийн мөнгөөр авсан авто машинуудаар бизнесийн үйл ажиллагаа явуулахаар болчхож байгаа юм. Ингээд ч зогсохгүй бүр улсын төсвийн мөнгөөр бааздаа нэмж машин авах гэж байна.
Тухайлбал, тус бааз энэ сарын 2-нд УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР суудлын автомашин худалдан авах хоёр багц тендер зарласан байгаа юм. Дөрөвдүгээр сарын 23-нд хаах нь энэ тендерт дурдсанаар 2 тэрбум 315 сая төгрөгөөр үнэлэгдэх 8 ширхэг автомашин худалдан авах ажээ.


Хэрвээ тус байгууллага өөрсдийгөө санхүүжүүлэх ёстой юм бол яагаад УЛСЫН ТӨСВИЙН МӨНГӨӨР автомашин авах гээд байна вэ гэдэг асуулт ч гарах биз. Өөрсдийгөө санхүүжүүлэх учиртай юм бол дээрх тендерийн эх үүсвэр ч өөр байх ёстой.
Уг нь төр хувийн хэвшлийг дэмжинэ гэж ярьдаг, шийдвэр гаргана гэдэг ч бодит байдал дээр худал гэдэг нь илэрхий боллоо. Тиймээс энэ мэт хэрэгжихгүй шийдвэрийн ард татвар төлөгчдийн мөнгөөр хүүдгэнэж буй ашиггүй ажилладаг Засгийн газрын авто бааз мэт газруудыг татан буулгах нь зүйд нийцэх биз ээ.
Эх сурвалж: Erennews.mn