ТЦА: Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоох санал гаргасан

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт 2026 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах асуудлаар өнөөөдөр холбогдох албад хуралдлаа.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр “Нийслэлийн нийтийн тээврийн газар, Замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн автотээврийн төв гээд нийслэлийн байгууллагуудын удирдлагууд ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Засаг даргын зөвлөлийн хуралд энэ асуудлыг оруулж, хууль хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах хэрэгтэй. Бид хууль хэрэгжүүлж байна гээд долоодугаар сарын 01-нээс гэнэт бүх мопед, скүүтерийн хөдөлгөөнийг хорихгүйн тулд энэ уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, хувийн хэвшлийнхэндээ танилцуулж байна.

Засаг даргын хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагууд шаардлагатай арга хэмжээг яаралтай авч, тушаал, шийдвэрээ гарга. Аж ахуйн нэгжүүд хуулиа хэрэгжүүлье гэтэл төрийн байгууллагаас болоод гацаад байж болохгүй.

Нийслэлийн Замын хөгжлийн газраас явган хүний зам дээгүүр өөр өнгөөр ялгаж мопед, скүүтерийн зам гаргаж, явуулах боломжтой эсэх судалгааг гаргаж өгнө үү.  Гэрээт цагдаа нараас дэмжлэг авч, хяналт шалгалт хийх хувилбар байгаа учраас богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлаа хийе. Мөн зогсоолыг хэрхэн шийдэх вэ, хувийн хэвшлийнхэн, нийслэлийн Нийтийн тээврийн газартай ярилцаад шийдээрэй. Аж ахуйн нэгжүүдийн хувьд  хурд, дууны асуудалд анхаарч өгнө үү. Хууль биелүүлнэ гэдэг шууд хааж бооно гэсэн үг биш. Гэхдээ хуулийг үйлчлэх хугацаанаас нь эхлээд дагаж мөрдөх ёстой. Долоодугаар сарын 1 гэхэд тавигдаж байгаа шаардлагуудаа хангаж чадахгүй бол хөдөлгөөнд оруулахгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Тийм учраас нийслэлийн төрийн захиргааны байгууллагууд аж ахуйн нэгжийнхээ шаардлагыг биелүүлээд 14 хоногийн хугацаанд шаардлагатай бэлтгэл ажлыг хангах шаардлагатай” гэлээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.