Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувь түймэрт өртжээ

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн нутаг, Нөмрөгийн дархан цаазат газарт ойн хээрийн түймэр гарсан. Өнгөрсөн шөнө түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Аймгийн шуурхай штаб хуралдах үеэр Дорнод аймгийн засаг дарга Ш.Ёл “Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувь түймэрт өртсөн. Түймрийг бүрэн унтраасны дараа хохирлын хэмжээг тогтооно. Түймрийг унтраасан ч дараагийн асуудлууд эхэлнэ. Төрийн байгууллагууд ажлаа хэрхэн уялдуулж, холбогдох хууль, журмын дагуу дархан цаазат газрыг хамгаалах асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг тодруулах шаардлагатай. Хилийн бүс, тусгай хамгаалалттай газарт хэний зөвшөөрлөөр нэвтрэх ёстой вэ? Хилийн байгууллагын эсвэл тусгай хамгаалалттай газрын зөвшөөрлөөр үү гэдэг нь тодорхойгүй. Онцгой байдал, цагдаагийн байгууллага хамтран шалгаж, үнэн мөнийг тогтоох хэрэгтэй. Дорнод аймгийн иргэдийн хүсэж байгаа зүйл бол энэ. Байгалийн онгон дагшин газар ийм хэмжээний хохирол амссан байхад хариуцлагын асуудлыг зайлшгүй ярих ёстой” гэв.
Улмаар дархан цаазат болон тусгай хамгаалалттай газар нутагт хавар, намрын нэн хуурайшилтай үед шаардлагатай тохиолдлоос бусад аялагч, иргэдийг зорчихыг хориглох шийдвэрийг гаргахаа мэдэгдлээ.


