Б.Мөнхтамир: Энэ сар шатахуун 190 ам.доллараар өсөж ирсэн тул аж ахуйн нэгжүүд үнээ нэмсэн

АИ-92 шатахууны үнэ өнөөдөр өглөө литр тутамдаа 560 төгрөгөөр нэмэгдэж, 3040 төгрөг байсан шатахуун 3600 төгрөг болсон. Шатахууны нэмэгдлийн асуудлаар Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас өнөөдөр /2026.10.12/ 14:00 цагт мэдээлэл өглөө.
Аж үйлдвэр эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир: Шатахууны хомсдол дэлхий нийтэд үүсээд байна. Улмаар манай улсад мөн нөлөөлж, үүнээс үүдэж аж ахуй нэгж, иргэдийг хүнд байдалд оруулж байгаа. Аравдугаар сард АИ-92 автобензин 78 мянган тонныг авахаар төлөвлөсөн байсан. Монгол Улсын хувьд ОХУ-тай хийсэн тогтвортой байдлын гэрээгээр шатахуунаа авдаг. Гэсэн ч ОХУ-д газрын тосны үйлдвэрүүд дэлбэрэлтэд өртөж, манайх руу шатахуун нийлүүлэхэд хүндрэл үүссэн. Мөн үнэ нэмэгдсэн. Энэ сард ирэх нийлүүлэлт өнгөрсөн сарын нийлүүлсэн үнээс 190 ам.доллараар өсөж ирлээ. Улмаар аж ахуйн нэгжүүд үнээ нэмсэн. Тиймээс шуурхай хуралдаан дээр зохицуулалтуудыг ярьсан. Хамгийн эхэнд шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгох нь чухал байна. Мөн энэ оны сүүлээр арваннэг болон арванхоёрдугаар сараас орж ирэх шатахууны нийлүүлэлт багасах төлөвтэй байгаа. Ингэхийн тулд урд хөрш болон гуравдагч хөршөөс шатахууны нийлүүлэлтийг хийх ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, БНХАУ, Сингапур, Өмнөд Солонгос улс, Малайз зэрэг улстай хэлэлцээр хийж байгаа.
Өнөөдрийн байдлаар аж ахуй нэгжүүд АИ-92 шатахуунаа литр тутамд 500-550 төгрөгөөр нэмсэн. Энэ нь ОХУ-аас оруулж ирж байгаа шатахууны үнэ өссөнтэй шууд холбоотой.
ОХУ өөрөө дотооддоо шатахууны хомсдолд орсон. Гэсэн ч манай улс руу хүссэн хэмжээгээр нийлүүлж чадахгүй байгаа ч тодорхой хэмжээнд нийлүүлж байгаа. ОХУ-ын шатахууны үнэ Санкт-Петербургийн биржийн үнээр явдаг. Монополын эсрэг газарт шатахууны үнийн өсөлтөд хяналт шалгалт хийх үүрэг өгсөн.
Дээрээс нь benzin.mn сайтаар шатахууны үлдэгдлийн мэдээллийг өгч байгаа. Мөн камераар хянаж хаана, хаана ямар шатахуун түгээх станц үлдэгдэлтэй байна гэдгийг харуулна. Өнөөдрийн байдлаар АИ-92 14 хоног, дизель түлш 30 хоногийн нөөцтэй байгаа. Орон нутгуудад мөн хязгаарлалттай байгаа. 2027 онд аж ахуй нэгжүүдийг нөөцийн сав барих ажлыг зохион байгуулж байна. Газрын тосны үйлдвэрийн ажил эрчимтэй явж байгаа, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Уг үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын шатахууны 50 хувийг хангах боломж бүрдэнэ.


