Сэлэнгэд эзэн суусан Н.Лхагвадоржийн балмад авир хэзээ хүний аминд хүрэх бол…

Аймгийнхаа МАН-аас урваж, шарваж, АН-тай нэгдэн байж Сэлэнгийн Засаг дарга болсон Н.Лхагвадорж гэж албан тушаалд залраад ч хуучны балмад зан нь тавигдаж, тайлагдахаасаа өнгөрсөн нөхөр байна.

Хэдхэн хоногийн өмнө Сэлэнгийн Мандал сумын МАН-ын хорооны дарга, сумын орлогч Э.Баярхүүг “бялба” нүдсэн тухай амтай бүхэн уралдан ярьж байна.

Тодруулбал, энэ сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал суманд байдаг аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн орон гэрт зодоон болсон тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Н.Лхагвадорж өөрөө согтуудаа тухайн шөнө аймгийн Сэлэнгэ энергио дулааны станцын дарга Д.Алтансүх, сумын орлогч дарга Э.Баярхүү нарыг гэртээ дуудсан байна. Ингээд төд удалгүй тэнд зодоон болж, Д.Алтансүх нь Э.Баярхүүг нүүрийг нь тэгширтэл, нүдийг нь тэсэртэл зодсон бөгөөд ойр тойрны айлууд нь тэрхүү зодооны нь чимээ шуугианаар айж, балмагдан цагдаа дуудсан байдаг. Гэхдээ энэ үйл явцын өмнөхөн нь Н.Лхагвадоржийн хоёр дүү ахынхаа гэр рүү орж байхыг харсан олон гэрч байгаа аж. Тиймээс Н.Лхагвадорж гэртээ хүмүүс зодолдуулаад суух хүн биш. Харин бусдыг зодуулсан юм биш биз гэх хардлагатай байгаа аж.

Хамгийн хачирхалтай нь хохирогч Э.Баярхүү зодуулсныхаа дараа Н.Лхагвадоржийнхоос зугтаж гүйж гарч, эмнэлэгт үзүүлэн, цагдаад гомдол гаргаснаа, тун удалгүй өргөдлөө татаад авчхаж.

Мэдээж зодооны хэргийн талаарх мэдээлэл маргааш нь цахим ертөнц болон хэвлэлээр цацагдан, хөндөгдөхөд ЦЕГ-аас асуудлыг анхааралдаа авч 18-ны өдрөөр хэрэг нээж, мөрдөн байцаалтыг эхлүүлснийг зарим эх сурвалж хэлж байгаа.

Учир нь, Н.Лхагвадоржийн хувьд хөрөнгө, мөнгө, эрх мэдэлтэй нэгэн тул хэргийг яаж ч дарж, хүн бүрийг дуугүй болгох чадамжтай гэдгийг Зүүнхараагийнхан байтугай сэлэнгэчүүд мэдэх болжээ. Тэр утгаараа Н.Лхагвадорж гэрт нь болсон гэмт хэргийн үеэр цагдаа дуудаагүй гэх нь үнэний ортой биз.

Юутай ч Н.Лхагвадорж хэргийг нуун дарагдуулахын тулд боломжит хувилбараар Э.Баярхүүг “найрч” байгаа талаар зарим хүн үг унагажээ. Өөрөөр хэлбэл, хохирогч, түүний гэр бүлийнхэн ч “амаа үдэж” аятайхан, чимээгүй баймаар байна хэмээн ихэд сэтгэлээр унасан байхыг эргэн тойрныхон нь ч гэрчлэхээр ярьж байна.

Тиймээс хууль, хүчнийхэн албан тушаалтныг хаацайлан үлдэх бус хэргийн үнэн, мөнийг сайтар шалгах ёстой гэдгээ эрхгүй сайн мэдэх биз ээ.

Түүгээр ч зогсохгүй Н.Лхагвадорж хуулийнхныг аргалаад сурчихсан нэгэн юм биш биз гэх хардлага ч бий.

Учир нь тэр 2013 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч дарга байхдаа Засаг дарга Н.Нямдаваатайгаа албан тушаал булаацалдаж явсан нэгэн. Тэр үедээ Засаг даргатайгаа архидаж, улмаар ажлын өрөөнд нь зодолдож хөлийг нь хугалж байсан түүхтэй. Мөн удалгүй хэдхэн сарын дараа дахин архидаж Засаг даргынхаа толгойг архины шилээр толгойг нь хагалж, хүн амины хэрэгт холбогдох шахаж цагдаа шүүхдээ тулж, эрүүгийн хэрэг үүсгүүлж явсан гэдэг. Мэдээж мөнгө, хөрөнгөтэй хөрөө, рамчин бас мөнгөөр асуудлыг шийдэж, Засаг дарга ч залуу хүний ирээдүйг бодож, эмчилгээгээ хийлгээд чимээгүй болсныг Хараагийнхан ам булаалдан ярьдаг.

Харин одоо түүнээс хойш 20 жил өнгөрсөн тул хуулийнхан ч мөнгөнд дөрлөгдөж, хохирогч “амаа үдсэн” ч Н.Лхагвадоржид хариуцлага хүлээлгэх хэмжээнд өөр хууль үйлчилж байгааг хүн бүр мэдэх биз ээ.  

Н.Лхагвадоржийг сэлэнгэчүүд УИХ-ын гишүүн асан Ж.Эрдэнэбатыг “мөргөснөөр” илүү сайн таних болсон гэдэг. Угаас сэлэнгийн хэдэн модыг тастан, хөрөнгөжих гараагаа тавьсан хөрөө рамчин Н.Лхагвадоржийг улстөрд чирч, гулдарч оруулж ирсэн хүн нь Ж.Эрдэнэбат. Н.ЛХагвадорж ч МАН-ынхны өгсөх замын шат болсон Их засаг сургуулийн Дархан салбарыг төгсөж, Удирдлагын академиас бас диплом өвөртөлсөн, өөрөөр гялтайх боловсролгүй.

Албан тушаал эрх мэдлийн төлөө хэнийг “хөмөрч орхидог” хударгагүй нэгэн гэдгийг өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийн Засаг дарга болохоор улайрч байх үеэс бараг хүн бүр мэддэг болсон. МАН-ынхандаа хүлээн зөвшөөрөгдөхгүй болохоор тэднээсээ нүүр буруулж, эцэстээ АН-ын гишүүдтэй хуйвалдан, тэдний дэмжлэгээр ЗАСАГ болсныг аймгийн МАН-ынх хорооныхон төв намдаа ч гомдоллож, “голоор” нэг шуугиулсан.

Түүнээс өмнө Сэлэнгийн Засаг дарга байсан Ш.Оргилыг мөн л “мөргөж”, өөрөө суудалд нь тухалсан. Эргэн санавал Ш.Оргил эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаа өглөө гэсэн байсан даа. Хэрвээ үнэхээр өвдсөн бол тэр хүн өдийд Хөх хотын консул хийхгүй байлгүй. Түүнээс хойш үй, зайгүй мэт явсан Ш.Оргил, Н.Лхагвадорж нар хонь, чоно мэт болсныг МАН-ынхан ч ярих юм билээ.

Энэ мэтчилэн өөрийнхөө боловсрол байтугай хувь хүнийхээ хөгжилд ч анхаарч, ёс зүйтэй болж чадаагүй Н.Лхагвадорж өдгөө Сэлэнгэ аймагт “хаан” мэт заларч, харин нутагт нь модны хулгайч, алтны нинжа, хятадууд хөлжихийн тулд сэлэнгийг там болгож, эгэл иргэд нь хөгжихөөсөө өнгөрлөө энэ аймаг хэмээн Засаг даргыгаа зүхэхээс хэтрэхгүй сууна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.