Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас хээрийн түймэр гарчээ

Онцгой байдлын албанд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн Чулуут гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ өчигдөр автомашин шатсан дуудлага ирсэн байна. Уг машинаас шарласан хуурай өвсөнд гал авалцан, хээрийн түймэр гарчээ.
Дуудлагыг есдүгээр сарын 10-ны 15:25 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги хүлээн авсан байна. Тэд Асгат сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай хамт уг түймрийг 21:40 цагт цурамд оруулж, 23:35 цагт бүрэн унтраалаа.
Урьдчилсан байдлаар 2100 га талбай түймэрт өртөж шатсан байна.


