Төв аймгийн Баянчандмань суманд төрийн албан хаагчдын орон сууц барих асуудлаар санал солилцож, санамж бичиг байгууллаа

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-иас Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Лүн сумуудад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн орон сууцны төслүүдийн ерөнхий судалгааны ажлыг дуусгаж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, гүйцэтгэгч аж ахуйн нэгж сонгон шалгаруулах ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон. Энэ ажлын хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн удирдлагууд Төв аймгийн Баянчандмань суманд ажиллаж, сумын удирдлагуудтай уулзан санал солилцож, барилгын төсөл хэрэгжүүлэх тухай санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагва-Очир, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга А.Ууганбилэг нар гарын үсгээ зурлаа.

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь Төв аймгийн Баянчандмань суманд 3 блок бүхий 5 давхар 120 айлын төрийн албан хаагчийн орон сууцыг барихаар төлөвлөсөн. Барилгын төслийг “ТОСК” ТӨХХК Баянчандмань суманд байх өөрийн эзэмшлийн газарт хэрэгжүүлэх бол инженерийн дэд бүтцийн ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүрэн шийдэх юм. Харин барилга угсралтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.


