Аргалын утаа

 

Аргалын утаа бургилсан Малчны гэрт төрсөн би гэж бахархан хэлэхэд өрнөдийнхөнд ч, дорнодынхонд ч үл ойлгогдоно. Голдуу л сөрөг талаар нь ойлгож, тэрэнд сонирхмоор юу байхав дээ гэж бодоцгооно.


Учир нь тэд "Нүүрсний утаа буригласан Нүсэр хотын хумүүс" Утаа гэдэг үг хоёр янзаар ойлгогдохгүй нэг зүйлийн нэр боловч урд нь "Аргалын", "нүүрсний" гэсэн тодотгол өгөөд ярьвал хоёр өөр утаа гэдэг нь мэдэгдэнэ, Чулуун нүүрсний утаанд аргалын утаанд байдаг ач тустай юм бас байхгүй.

Аргалын утаа бургилсан малчны гэрт төрж, өссөн хүмүүс сүүлийн үед нийслэл Улаанбаатар хот руу хошуурцгааж "нүүрсний утаа баагисан xoтын хүмүүс болцгоосоор байна.

Дурлаж ирсэн тэр хотод нь жилдээ таван сая гаруй тонн нүүрс түлдэг дулааны гурав, дөрвөн станц, 400 гаруй тонн нүүрс түлдэг 250 гаруй жижиг уурын зуух 625 мянган тонн нүүрс түлдэг 240-өөд мянган гэр өрхүүд жилийн сэрүүн улирал ялангуяа өвлийн саруудад Алтан тэвшийн хөндийг утаан тэвшийн хөндий болгож орхидог.


Нүүрсний тэрхүү утаа нь 200 гаруй төрлийн хорт бодисыг дээш нь цацдаг ч хүмүүсийн хамараар дотогшоо орно. Тэр утаанаас нь хордсон хүмүүс нийслэлд гэхэд л жилд 1600 хүрч "нүд аницгаадаг" болсоор удлаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) агаарын чанарын стандартаас Улаанбаатарын утаа 35 дахин илүү гарсаар байгааг тогтоожээ.

"Утаагүй Улаанбаатар" болохын төлөө эрх баригчид эрүүл мэндийн албаныхан хориод жил ярьж олон тэрбум төгрөгний төсөл "утаа болголоо". Нийслэлийн хүн ам, айл өрх жил ирэх тусам олширсоор байгаа болохоор нүүрсний утаа нэмэгдсээр байх нь мэдээж нүүрсний утаанаас нүүрстөрөгчийн давхар исэл, хүхэрлэг хий, азотын давхар исэл, хар тугалга гэхчилэн гай хөөний юм гарч иргэдийг их багагүй, хүүхэд хөгшидгүй цөмиг нь утсаар байна. Аргагүйн эрхэнд ийм хувь тавиланд оосорлуулж байгаа ч гэсэн арга барагдсан юм биш, арга олон байна.

Хийн түлш, био түлш, салхин болон наран эрчим хүч гэж үнэгүй шахам эх булагтай, хор багатай түлш захаас аван байж л байна. Багахан хөдөлмөр зүтгэл л дутсаар байна."


Арга барагдахад аргалын утаандаа утуулж суувал аминд өлзийтэй юмсанж. Бараг тавиад сая малтай болж буй өнөө үед өвөг дээдсийн мянга мянган жил гал голомтоо бадрааж ирсэн аргал, хоргол, хөрзөн хааяагүй л хэвтэж байна. Аргалаа цагт нь түүхгүй болохоор удалгүй өврөө үйрмэгжин үгүй болдог учир аргал хорголд "дарагдаж үзээгүй" тал нутгийн эзэд билээ, бид.

Аргал бол зөвхөн түлш болоод зогсдоггүй эм болдоггоороо хор цацдаг нүүрснээс хавьгүй ариун эд гэдгийг монголчуудын нүүдлийн малчны соёл иргэншил эрт дивангарт нотолчихсон зүйл.

Нэгд. Аргалын утаанд утагдаж насаа элээдэг учраас монгол малчид хэр баргийн өвчинд нэрвэгддэггүй, төрийн байтугай өрхийн эмнэлэг ч шаарддаггүй байсан урт түүхэн замнал бий. Аргалын утаа, эрүүл агаар хоёроор амьсгалдаг тул хөдөөнийхөн одооны "амьсгалын замын гэгдэх" өвчинд нэрвэгддэггүй байсан гэж болно. Итгэмээргүй мэт боловч итгэлтэй хэрэг.

Хоёр.Монголчуудын аргалын утааны нууцыг Энэтхэгийн нэгэн эмч, эрдэмтэн доктор Шарма олж мэдээд монголоос аргал аваачаад Энэтхэгийн уушгины тахал туссан хүмүүсийг аргалын утаагаар утсан чинь их амжилт олж утааны эдгэрүүлэх чадалд гайхсан байна.(Энэ мэдээг дахин дахин хэлүүштэй) "Аромотерапия" буюу "үнэрээр анагаахуй" нийтлэлд ч дурьдсан.

Гурав. Японы эрдэмтэн аргалын утааг судлаж үзээд элдэв өвчлөлтийн нянг устгагч байгааг тогтоожээ. Аргалын утаанд янз бүрийн нянг устгагч байгаа гэж тэр эрдэмтэн үзсэн нь аргалын утааны тухай яриад буйн том баталгаа болж өгөх мэдээлэл юм. Тэгэхдээ монгол малчдын шээзгийнд түүж цуглуулдаг "монгол арга" л тийм чанартай болохоос өөр орны өөр малын баас тийм биш нь мэдээж. Сарлаг гэхэд л 200-гаад төрлийн эмийн ургамал иддэг мал шүү дээ.

Дөрөв. Монголчууд судар номыг баринтаглаад хойморынхоо авдар дээр нандигнан тавьдаг түгээмэл уламжлалтай билээ. Авдар дээр тавиастайгаар олон жилийг өнгөрөөсөн судар аргалын утаанд шаралтлаа нэвчсэн байдаг.


Тийм судрууд манай үндэсний Төв номын санд хэдэн зуугаараа бүүр 1920-иод "Судар бичгийн хүрээлэн" байгуулагдахаас эхлээд бараг зуу шахам жил хадгалагдаж байгаа. Гэтэл тэдгээр судруудад орчин үеийн цаасан номны өвчин болох мөөгтөх, хорхойтох, чийгтэх, тоосжих аюул огтхон ч халдаагүй байсаар байгаа билээ.

Орчин үеийн ном бүхий номын сангууд "микологийн сэргийлэлт" бүрдүүлж дээр дурдсан "өвчнөөс" хамгаалах журамтай байдаг. Тэр хяналт байхгүй бол ном мөөгтөж, хорхойд идүүлж эхэлдэг. Гэтэл аргалын утаанд нэвт утуулсан монгол судрууд тэрхүү хяналт, сэргийлэлт байхгүйгээр олон жилийн турш "эрүүл" байсаар ирсэн юм. Энэ бол бас аргалын утааны нэг гайхамшгийн нотолгоо юм.


Аргалын утаа бургилсан малчны гэр ариун болой.
 

Лодонгийн Түдэв

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.