Галт зэвсгийн бүртгэл арванхоёрдугаар сарын 8-нд дуусна

Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу жил бүр галт зэвсэг эзэмшигч, өмчлөгч иргэн, аж ахуй нэгжид бүртгэлтэй галт зэвсгийн тооллого явагддаг билээ. Хуулийн дагуу “Зэвсэг-2022” нэгдсэн арга хэмжээг өчигдрөөс эхлэн нэг сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ. Хэрэв тооллогод хамруулаагүй тохиолдолд хуулийн дагуу иргэнийг 40,000, хуулийн этгээдийг 400,000 төгрөгөөр торгоно.
Галт зэвсэг эзэмшигч, өмчлөгч иргэн, аж ахуй нэгж 2022 оны 12 дугаар сарын 8-ны дотор өөрийн эзэмшил, бүртгэлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг харъяа дүүрэг, нутаг дэвсгэрийн цагдаагийн газарт бүртгүүлэх юм.
Галт зэвсгийн тооллого нь энэ төрлийн хэрэгслийг хараа хяналттай болгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор явагддаг. Мөн галт зэвсгийн төрлөөс хамаарч ашиглах, эзэмших, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан хүнд гэрчилгээ олгодог. Түүнчлэн галт зэвсгийг эзэмших, ашиглах гэж байгаа иргэн эрүүл байх ёстой зэргээс эхлээд хууль тогтоомжид заасан тодорхой шалгуурууд байдаг байна.


