Японд ажиллаж байсан залуус нэгнийхээ биед гэмтэл учруулжээ

Япон улсад Ур чадварын дадлагажигчаар очоод удаагүй 8 монгол иргэн, үндсэн ажилтнаар ажиллаж байгаа 3, нийт 11 иргэн хоорондоо танилцах зорилгоор 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр амьдрах байрны нэг өрөөндөө нийллэг зохион байгуулжээ.
Тэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс хоорондоо муудалцан, нэгэндээ хүч хэргэлэн танхайрч ноцтой гэмтэл учруулсан хэрэг гарсан байна. Тухайн хэргийг Точиги мужийн Канамү хотын Цагдаагийн газар шалгаж байгаа ба Элчин сайдын яам тус асуудлын мөрөөр илгээгч байгууллага болон хүлээн авагч байгууллагатай холбогдон ажиллаж байгаа аж.
Бусдын биед халдах, гэмтэл учруулах, танхайрах нь Японы Эрүүгийн хуулиар торгох, 2 жил болон 15 жилээс дээш хугацаагаар хорих зэрэг хуулийн заалттай байна. Эрүүгийн хууль ноцтой зөрчин Япон улсад ял эдэлж байгаа иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Монгол Улсаас Япон улсад ажиллаж буй монгол иргэд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, алдар нэрийг эрхэмлэн, ажиллаж амьдарч буй байгууллага, хамт олон, хот сууриндаа тус улсын түүх соёл, зан заншлыг хүндэтгэн, хууль дүрмийг мөрдөж ажиллахыг Элчин сайдын яамнаас анхааруулж байна.