Н.Тавинбэх нарт холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлууллаа

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Тавинбэх нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2026.09.14/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд эхэлсэн юм. Гэвч прокурор шүүгчээс татгалзах хүсэлт гаргалаа.
Прокурорын зүгээс “П.Товуудорж, П.Даваадорж нартай шүүгч төрөл садангийн хамааралтай тул татгалзаж байна” гэв. Харин шүүгчийн хувьд “П.Товуудорж, П.Даваадорж нар нь аль аймгийн харьяат хүмүүс вэ” гэж асуув.
Яллагдагч нарын өмгөөлөгч “Энэ хэрэгт П.Товуудорж нар нь хамааралгүй байгаа. Дээр нь шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэгт байхгүй хүмүүсийг шүүгчтэй төрөл садангийн холбоотой гэдэг үндэслэл гаргаж байгааг ойлгохгүй байна. П.Товуудорж нар нь Увс аймгийн харьяалалтай” гэв.
Харин шүүгчийн зүгээс “Миний хувьд Дундговь аймгийн харьяат. Хаа байсан баруун хязгаараас төрөл садантай болгоод байгааг гайхаж байна” гэлээ.
Эцэст нь шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах шийдвэр гаралаа. Хуулиараа прокурор шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан нөхцөлд хангах шаардлагатай аж. Мөн прокурор нь шүүгч нь П.Товуудорж, П.Даваадорж нартай төрөл садангийн холбоотой гэдэг мэдээлэл баримтаа ерөнхий шүүгчид гаргаж өгөх юм байна.
Авлигатай тэмцэх газраас Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэхийг бусадтай бүлэглэн Монгол Улсад хийгдэж буй төслийн хүрээнд ажлын гүйцэтгэл нь хангалтгүй байсан зөвлөх үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийн гэрээний хугацааг сунгуулах болон 2,965,515.69 ам.доллараар зөвлөх үйлчилгээний төсвийг нэмэгдүүлэн нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалган, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.


