“Зээлийн хүүг бууруулах бодлого, стратегийн хэрэгжилт, үр дүн” сэдэвт нийцлийн аудитыг эхлүүллээ
Үндэсний аудитын газраас “Зээлийн хүүг бууруулах бодлого, стратегийн хэрэгжилт, үр дүн” сэдэвт нийцлийн аудитыг эхлүүллээ. Аудитаар Зээлийн хүүг бууруулах бодлого, стратегийн баримт бичгийн төлөвлөлт оновчтой байсан эсэх болон стратегийн хэрэгжилт зорилтот түвшинд хүрч үр дүнд хүрсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх юм.
Аудитад Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци болон бусад хэрэгжүүлэгч байгууллагыг хамруулах юм. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай”, 2025 оны 79 дүгээр тогтоолоор баталсан “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээ”-ний хэрэгжилтэд аудит гүйцэтгэнэ. Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын захирал, Тэргүүлэх аудитор Д.Энхболд аудитын нээлтийг хийж, аудит гүйцэтгэх явцад анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө. Аудитын тайланг 2026 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.


